images

МОНГОЛ, ЗӨВЛӨЛТИЙН ДАЙЧДЫН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨВ

Элчин сайдын яамны мэдээ

2025-05-07

113

Дэлхийн 2 дугаар дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Жанчхүү хотын Жанбэй хошуун дахь Монгол, Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд 5 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Уг арга хэмжээнд БНХАУ-ын ГХЯ, Хөбэй муж, Жанчхүү хотын Ардын засгийн газар, ОХУ, Азербайжан, Армени, Беларусь, Казахстан, Тажикистан, Туркменистан, Узбек, Киргиз улсын Элчин сайд тэргүүтэй төлөөлөгчид болон ШХАБ, Орос-Хятадын Найрамдлын нийгэмлэг, Оросын талаас дайнд оролцогсдын үр хүүхэд оролцлоо.

Зүүн хойд Хятадыг Японы түрэмгийллээс чөлөөлөх дайнд амь үрэгдсэн Монгол, Зөвлөлтийн дайчдын дурсгалыг мөнхжүүлсэн энэхүү дурсгалын цогцолборыг 1957 оны аравдугаар сарын 20-ны өдөр байгуулсан бөгөөд 2017 онд сэргээн засварлан, дурсгалын самбарт монголын талын 56, зөвлөлтийн талын 69 амь үрэгдсэн дайчдын нэрийг хятад, орос, монгол хэлээр сийлэн мөнхжүүлжээ.